Олон Улсын Сайбер Их Сургуулийн оюутнуудын ёс зүйн дүрэм

ОУСИС-ын оюутнууд суралцаж байх хугацаандаа энэхүү ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх шаардлагатай. Оюутнууд суралцаж байх хугацаандаа бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хуулах, сурлагын дүнгийн үнэлгээнд зүй бусаар нөлөөлсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ.

  • 1. Оюуны өмчийн хулгай (plagiarism) гэдэг нь бусдын санаа, үг хэллэг, бүтээлийг ишлэлгүйгээр эсвэл зохиогчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хэлнэ. Ямар нэгэн эх үүсвэрээс хэсэгчлэн хуулбарлах эсвэл зарим үг хэллэгийг бага зэрэг өөрчлөх байдлаар ашиглах нь мөн оюуны өмчийн хулгайд тооцогдоно. Оюутнууд бие даалт хийх болон шалгалт өгөхдөө бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүй ашиглах, бусадтай хамтарч хийлгүйгээр бие дааж хийх ёстой. Оюутнууд ямар нэгэн эх үүсвэрээс мэдээлэл авсан тохиолдолд заавал хашилтанд хийж, номзүйг бичих ёстой бөгөөд хашилтанд хийгээгүй эсвэл номзүйг бичээгүй тохиолдолд бусдын оюуны өмчийг хулгайлсанд тооцно.
  • 2. Хуулах (cheating) гэдэг нь тест, бие даалт, шалгалтанд өндөр үнэлгээ авах зорилгоор хичээлийн материал болон бусад эх үүсвэрээс хуулах, сургалтын явцад авч байгаа тет, бие даалт, шалгалтын материалтай урьдчилан танилцах, бусдад задруулахыг хуулах гэнэ. Оюутнууд тет, бие даалт, шалгалт өгөхдөө багшийн зөвшөөрөлгүйгээр хамтарч ажиллах, бие биенээсээ хуулж болохгүй.

Хэрэв оюутнууд ОУСИС-ын магистрын сургалтын явцад тест, бие даалт, шалгалтын үеэр бусдын оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр ашиглах эсвэл хуулсан тохиолдолд тухайн бие даалт, шалгалтанд унасанд тооцож 0 гэсэн үнэлгээ өгнө. Оюутан нэг удаа зөрчил гаргасан тохиолдолд тухайн шалгалтыг хүчингүйд тооцож 0 гэсэн үнэлгээ өгч, багшийн зүгээс анхааруулга өгнө. Тухайн зөрчил хоёр дахь удаагаа давтагдвал тухайн бие даалт, тест, шалгалтанд 0 гэсэн үнэлгээ өгөх ба албан ёсоор бичгээр анхааруулга өгнө. Тухайн зөрчил гурав дахь удаагаа давтагдвал тухайн хичээлд унасанд тооцох ба тухайн хичээлийн кредитийн төлбөрийг төлж, зайлшгүй дахин судлах шаардлагатай болно.

ОУСИС-ын оюутан миний бие тус сургуулийн ёс зүйн дүрмийг маш сайн ойлгосон бөгөөд хүлээн зөвшөөрч байна.

ОУСИС-ын онлайн магистрын оюутан энэхүү ёс зүйн дүрмийг зайлшгүй дагаж мөрдөх шаардлагатай.

Буцах